Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль, “Номадик Экспедишн” ХХК-ийн хамтарсан Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор Довдойн Баярын нэрэмжит шилдэг залуу судлаачдад судалгааны тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2019 оноос эхлэн 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оноос эхлэн зохион байгуулах бөгөөд шагналын хэмжээ гурван сая /3.000.000/ төгрөг болно.
Тэтгэлэг олгох хөтөлбөрийн зорилго: Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор Довдойн Баяр нь Монголын эртний түүх, тэр дундаа эрт, дундад үеийн түүхийн судалгаагаар мэргэшсэн, дэлхийд танигдсан алдартай судлаач байсан бөгөөд түүний хэвлэн нийтлүүлсэн судалгааны ном бүтээл, өгүүллүүд нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бид энэхүү шилдэг залуу судлаач шалгаруулах хөтөлбөрөөр түүний Шинжлэх Ухааны бүтээлч үйл хэргийг үргэлжлүүлэхийн зэрэгцээгээр түүнтэй ижил ирээдүйн дэлхийд зөвшөөрөгдөх эрдэмтэн судлаачийг бэлдэх, залгамж үеийг төлөвшүүлэх, тэдэнд судалгааны ажлын боломж олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын зорилготой.
Тавигдах шаардлага: тэтгэлэгт хөтөлбөрт дараах болзлыг хангасан залуу судлаачид өөрсдийн материалаа бэлдэж өгөх боломжтой. Үүнд:
- Монгол улсын иргэн
- 40 хүртэл настай, магистр зэрэгтэй
- Их, дээд сургууль, музей, архив, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажилладаг байх
- Археологи, түүхийн чиглэлээр судалгааны ажил хийдэг
- Судалгааны ажлын аргазүйг нарийн сайн эзэмшсэн туршлагатай байх
- Археологи, Түүхийн Шинжлэх Ухааны суурь судалгааны болон бусад эрдэм шинжилгээний төслүүдэд оролцдог байх
- Монголын Археологи, Түүхийн Шинжлэх Ухаанд шинэ судалгаа шинжилгээгээрээ шалгарч танигдсан байх
- Судалгааны ажлын чиглэлээрээ эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бүтээл, хамтын бүтээл бичиж хэвлүүлсэн байх
- Өөрийн судалгааг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлдэг байх зэрэг шалгууруудыг тус тус хангасан байна.
Материалыг шалгаруулах хугацаа: Тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангасан залуу судлаачид материалаа 2019 оны 4 сарын 20-ны дотор Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Эрдэм Шинжилгээ, Хамтын Ажиллагааны албанд авч ирж хүлээлгэн өгнө үү.
Бүрдүүлэх материал. Үүнд:
- Дээрх шалгуур болзлыг хангасан материалыг бүрэн бэлдэж ирүүлэхээс гадна
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Төрийн албан хаагчийн анкет
- CVсүүлийн 5 жилээр, бүтээлийн жагсаалт, эшлэгдсэн бүтээл, оролцсон эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалт
- Шагнал урамшуулалын хуулбарууд
- Уг судалгааны ажлын шагналаар хийх ажлын төлөвлөгөө (2019 ондоо багтаан хийх боломжтой байх)
Тэтгэлэгт хөтөлбөрийн шагналыг гардан авсан судлаач өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлангаа 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Эрдэм Шинжилгээ, Хамтын Ажиллагааны албанд гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд энэхүү шагнал нь зөвхөн судалгааны ажилд зарцуулагдсан байх шаардлагыг тавина. Хэрэв тэтгэлэгт хөтөлбөрийн шагналын санхүүжилтийг судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгээгүй тохиолдолд уг судалгааны ажлын тэтгэлэгийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулна.
Шалгаруулалт: Судалгааны ажлын тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшүүлж буй судлаачийн материалыг Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Эрдэм Шинжилгээ, Хамтын Ажиллагааны албанаас томилсон мэргэжлийн 5 профессор багш нар шалгаж тодорхойлно. Шалгаруулалтанд улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавин шагналт байранд орсон, олон улсын Томсон Ройтерсийн, ОХУ-ын ВАК-ын зэрэг өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллүүд, эшлэгдсэн бүтээлүүд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.
Шагнал гардуулах ёслол: 2019 оны 5-р сарын 10-ны өдөр Төрийн Өмчит Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлд зохиогдох “Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор Довдойн Баярын нэрэмжит” Их, Дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал дээр болно.
Холбоо барих: Төрийн Өмчит Улаанбаатарын Их сургуулийн Эрдэм Шинжилгээ, Хамтын Ажиллагааны алба, Археологийн тэнхим.
Цахим хаяг: Tsolmon@ubs.num.edu.mn; Iderkhangai@ubs.num.edu.mn
Утасны дугаар: 99150021, 88983311