Монгол туургатны зохиолчдын уулзалт болов

Монгол улсад зохиолчдын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол туургатны зохиолчдын уулзалт 2019 оны 1-р сарын 8-ны өдөр Улаанбаатарын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж өнгөрлөө. Уулзалтанд Улаанбаатарын их сургуулийн захирал доктор, профессор С.Байгалсайхан, Сургалт эрхлэсэн дэд захирал, доктор, профессор Г.Анхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Хулан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв, Соёлын гавъяат зүтгэлтэн доктор, профессор Ж.Саруулбуян, Нацагдоржийн шагналт, зохиолч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар болон тус сургуулийн МХУЗСЗ-н тэнхимийн эрдэмтэн багш нар, ӨМӨЗО, Хөхнуурын Дээд Монголын алдарт зохиолчид, тухайлбал Б.Бүрэнтөгс, Н.Шархүү, М.Урангоо тэргүүтэй арав гаруй зохиолч хүрэлцэн ирж монголын уран зохиолын уламжлал шинэчлэлийн холбоо, харилцан хамаарал, орчин үеийн яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, хүүхдийн зохиол, судлал шүүмжлэлийн хөгжлийн чиг хандлага алдаа оноог хэлэлцэв. Тус уулзалт ярилцааны хүрээнд “Монгол туургатны сонгомол номын сан”, “Нүүдэлчдийн соёлын хэлхээ” төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон бөгөөд зочид төлөөлөгчид тус сургуулийн номын санд зохиол бүтээлийнхээ дээжээс өргөн барив.