Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулсан “Монголын орчин үеийн уран зохиол- соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 7-нд Чингис зочид буудалд боллоо. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Улаанбаатарын их сургуультай хамтран зохион байгуулав. Хурлаар монголын уран зохиолын уламжлал шинэчлэлийн холбоо, шинэ үеийн яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, хүүхдийн зохиол, судлал шүүмжлэлийн хөгжлийн чиг хандлага, алдаа оноог хэлэлцэв. Мөн монгол туургатны уран зохиолын хэлхээ холбооны талаарх зохиолчдын ярилцлага боллоо. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ч.Дагвадорж, Д.Цэдэв, яруу найрагч П.Нямлхагва, өвөрмонголын алдарт зохиолч Бүрэнтөгс тэргүүтэй зохиолч, судлаачдын номын нээлт боллоо. Эртний монгол нүүдэлчдийн аман уламжлалаас эхтэй бичгийн уран зохиол яруу найргийн түүхэнд ХХ зууны яруу найраг нь уран сайхны сэтгэлгээний хэв маяг, сэдвийн шинэчлэлт, агуулгын баяжилт, шүлэг зүйн байгуулалт буюу хэлбэрийн талаасаа хөгжлийн өвөрмөц онцлог бүхий шилжилтийн үеийг туулж, өнөөгийн монгол яруу найргийн хөгжлийн түгээмэл зүй тогтолыг бий болгосон юм. Монголын уран зохиолын түүхэнд ХХ зуун аль ч талаараа өвөрмөц онцлогтой үе байв. Энэ үеийн уран зохиолын амьдрал эхнээсээ аваад өнөөдрийг хүртэл уран сайхны сэтгэлгээний түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй дэндүү хөдөлгөөнтэй, олон талтай, сонирхолтой тийм түүхийг бичжээ. Монголын орчин уран зохиол нь бүтэн зууны шахам хөгжлийнхөө зарим үед нэлээд бэрхшээл даван туулж, бас өвөрмөц онцлог амжилтыг олсоор Монголын яруу найраг гэж танигдах болтлоо бэхжин дэлхийн яруу найрагийн дэвжээнд хүртлээ өсөн хөгжиж ХХI зууны босгыг даван оров.
ХХ зууны буюу Монголын орчин үеийн уран зохиол зохиол хийгээд яруу найраг нь
-Аман зохиолоос бичгийн уран зохиолд шилжиж буй
-Бурхан шашны болоод баатарлаг туулийн хийсвэрлэл, бясалгалын хэтрүүллийн арга барилаас реалист арга зарчимд шилжсэн
-Сонгодог нүүдлийн соёлооос суурин ахуй соёлд шилжиж буй ийм олон завсар зааг үеийн шилжилтийн сэтгэлгээний уулзвар дээр их нийлэг, өвөрмөц, бараг цоо шинэ гэж хэлж болох түүхэн туурвилын зам туулжээ. Олон зуун жилийн түүхтэй Монголын их утга зохиол буурал түүхийнхээ турш уналт бууралт, өсөлт хөгжил, сэргэн мандлын олон арван мөчлөгтэй тохиосны нэгэн онцгой өвөрмөц түүхэн цаг үе нь “Орчин үеийн Монголын уран зохиол” хэмээх нэрийн дор авч үздэг ХХ-ний түүх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун өргөө, сүлд хийморь нь болсон Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр бид эдүгээ тулж ирээд байна. Өнөөдөр манай их утга зохиол нь төрөл зүйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний түвшин, уран сайхны хэлбэр, дүр, өгүүлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн үгийн урлагийн тогтсон жишиг үндсэн үзүүлэлтүүдийн хувьд туурга тусгаар үндэстний давтагдашгүй өвөрмөц дүр төрх, үнэт зүйлс бүхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ.