“Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математик”-ийн боловсролын өдөрлөг Физик Электроникийн Тэнхимийнхэн зохион байгуулжээ

Улаанбаатарын их сургууль болон Монгол улсын шинжлэх ухааны академийн Одон Орон, Геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллах гэрээний хүрээнд “Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математик”-ийн боловсролын өдөрлөг 2018 оны 12 сарын 15 өдөр зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд “Мongolian Girls in STEM”-ын клубийн хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн голдуу 180 охин, мэдээлэл зүй, математикийн 25 орчим багш нар оролцжээ. Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математик чиглэлээр амжилттай ажиллаж байгаа IP сүлжээ төлөвлөлтийн албаны захирал Ч.Агиймаа, болон Монгол улсын шинжлэх ухааны академийн Одон Орон, Геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор А.Мөнхсайхан, Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгон-Сувд нар урилгаар ирж семинар, илтгэл, чөлөөт ярилцлага хийсэн. Мөн Улаанбаатарын их сургуулийн физик электроникийн тэнхим төгсөгч НТӨҮГ Улаанбаатар лифтний зөвлөх инженер Н.Мөнхбаяр эмэгтэй инженерүүдийн давуу талууд болон мэдээллийн технологийн хөгжлийн талаар сонирхолтой лекц уншсан. Монгол улсын шинжлэх ухааны академийн Одон Орон, Геофизикийн хүрээлэнгийн Астропарк Сансар, од эрхсийн ордонтой танилцах аялал хийсэн. Улаанбаатарын их сургуулийн Физик электроникийн тэнхимийн Японы хөрөнгө оруулалтай SIGMA KOKI компанийн байгуулсан MJUSKY лабораторийн үйл ажиллагаа зорилготой танилцсан. Улаанбаатарын их сургуулийн Химийн тэнхимийн үнэт, ховор металлын лаборатори, Биологийн тэнхимийн амьтны лаборатори, ургамал, анатомийн лабораториудтай танилцав.