Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль өчигдөр буюу 2018 оны 12-р сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, Хэмжилзүйн газраас чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001:2015 стандарт, шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлсэн байгууллага болж гэрчилгээгээ гардаж авлаа. Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулж, урьдчилсан болон анхан шатны аудитын шалгалт, дүгнэлтэнд тэнцэж уг сертификатыг авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг их сургуулиудын нэг боллоо.
Уг арга хэмжээний үеэр баталгаажуулалтын гэрчилгээгээ гардаж авахаар Монгол улсын 15 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бөгөөд УБИС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан эрдмийн хамт олноо төлөөлөн гэрчилгээгээ гардан авлаа.
2018 оны 1-р сард тус сургуулийн удирдлага, хамт олон ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэр гарган, менежментийн зөвлөх багш доктор, профессор Т.Сосорбарам, ФЭТ-ийн багш, докторант Ц.Энхбаяр нараар ахлуулан чанарын үнэлгээний ажлын хэсэг байгуулж, үе шаттайгаар ажлаа эхлүүлж байсан. Ингэхдээ хамтран ажиллагч судалгаа, шинжилгээний байгууллагууд, эрдмийн хамт олныхоо санал хүсэлтийг тал бүрээс нь хичээнгүйлэн судлаж, тэдний сэтгэл ханамжид нийцүүлэх зорилтыг тавьж ажилласан юм.
ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлснээр сургалт, судалгааны үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн эргэх холбоог сайжруулж, Инноваци, мэдлэгийн менежментийг дэмжих, үр дүнд чиглэсэн өөрийн үнэлгээг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.
“Чанартай боловсрол бидний зорилт” уриатайгаар багш, ажилтан бүрийн үүрэг хариуцлага, идэвх санаачилгыг идэвхжүүлэн ажилласнаар олон улсын менежментийн тогтолцооны жишиг шаардлагыг сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажилтын үндэсний зөвлөлийн хурлын 100%-ийн саналаар Улаанбаатарын их сургуулийг “Чанарын менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэгч байгууллага хэмээн баталгаажууллаа.
Ийнхүү Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль тив, дэлхийд өрсөлдөхүйц судалгааны их сургууль болох зорилгодоо нэг алхамаар ойртлоо.