“НОМИН ТЭТГЭЛЭГ” 2018-2019 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

 

Нэг: Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хамрагдсан оюутан:

  • Сар бүрийн тэтгэлэгт цалин авах
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх
  • Төгсөөд ажлын байраар хангагдах
  • Нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажилд оролцох, бүтээн байгуулалтанд оролцох
  • Олон улсын ISO9001, ISO14001,OHSAS 18001чанар стандартыг хангасан Худалдааны салбарын № 1 компанийн туршлагаас судлах, суралцах боломжтой.

Хоёр: Тэтгэлэгт хамрагдах оюутанг сонгон шалгаруулах:

  • Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрийг 2018-2019 оны хичээлийн жилд сар бүр 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийн тэтгэлэг олгоно.
  • Сонгон шалгаруулалтыг дараах зарчмаар явуулна:
  • Сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчидын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 25 оюутныг тодруулна.
  • Эхний шатанд шалгарсан 25 оюутны нэрсийг 2018.10.01-ний өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn-д байршуулна.
  • Дараагийн шатанд шалгарсан 25 оюутан тус бүр оноосон сэдвийн дагуу судалгаа хийн илтгэл тавиулах ба хамгийн өндөр үнэлгээ авсан нийт 10 оюутныг шалгаруулна.
  • “НОМИН ТЭТГЭЛЭГ”-т шалгарсан нийт 10 оюутны нэрсийг 2018.10.15-ны өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn-д байршуулна.

Гурав: Тэтгэлэгт хамрагдах оюутанд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 3 болон түүнээс дээш курсд суралцагч оюутан байх,
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх,
  • Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхитэй манлайлагч байж мэргэжилийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх,
  • Суралцаж буй мэргэжилээрээ тууштай суралцах, ирээдүйн манлайлагч болон хүсэл эрмэлзэлтэй байх,

3.2 Тэтгэлэгт хамрагдах оюутны бүрдүүлэх материал:

  • Өргөдөл (Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалтгаан бүхий өөрийн гараар бичсэн байх)
  • Анкет (Та анкетийг https://holding.nomin.mn/uploads/assets/tetgeleg-anket.pdf https://holding.nomin.mn/uploads/assets/tetgeleg-anket.pdf линкээр татаж авна уу)
  • 1% цээж зураг  (3×4 хэмжээтэй)
  • Оюутны сурлагийн үнэлгээний баталгаажуулсан тодорхойолт
  • Оюутны нийгмийн идэвхий болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал (Хуулбар, зураг байж болно)
  • Монгол улсын худалдааны салбарын ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих

Анхаарах: Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцох ба материал буцаан олгохгүй, хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн материалыг Номин Юнайтед төв оффис Хүний нөөц бодлогын газарт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын цагаар хүлээн авна.

Дөрөв: Тэтгэлэгт оюутны үүрэгхарицлага

  • Тэтгэлэгт хамрагдсан оюутан нь тэтгэлэгийн бүх шаардлагыг хангасан шилдэг оюутан байна.
  • Тэтгэлэгт оюутан нь сургалтын үнэлгээний голч дүнг 2018-2019 оны хичээлийн жилд 3,2 оноог буулгахгүй хадгалах ба хэрэв дүн буурсан тохиолдолд тэтгэлэг олгох хэмжээг 50%-70% хүртэл бууруулна.
  • Тэтгэлэгт оюутанд Номин Холдинг ХХК-ийн салбар нэгжид сар бүр арван цагийн сайн дурын ажилд хамрагдсан байна.
  • Тэтгэлэгт оюутан нь өөрөө хүсвэл Номин Холдинг ХХК-ийн салбар нэгжид цагийн ажил буюу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах эрхтэй.
  • Тэтгэлэгт оюутан нь Номин Холдинг ХХК-ийн салбар нэгжид танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг сургуулиас тогтоосон хуваарийн дагуу хийх эрхтэй.
  • Тэтгэлэгт оюутан нь 2018-2019 оны хичээлийн жилд сурлагын үнэлгээний голч дүнг 3,2 ба түүнээс дээш дүнтэй төгссөн бол Номин Холдинг компани ажлын байраар хангана.