УБИС-ийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэлээ

Улсынхаа нийслэлээр овоглосон 25 жилийн түүхтэй Улаанбаатарын их сургууль 22 дахь удаагийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 2018 оны 6-р сарын 8 нд болсон мөнгөн хонхны баярыг нээж Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн захирал Хэл бичгийн Шинжлэх ухааны Доктор, профессор Санжаагийн Байгалсайхан үг хэллээ. Өнөөдрийн эрдмийн баярт УБИС-н төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн ноён Ц.Цэдэндамба, УБИС-ийн зөвлөх багш, Монгол улсын Гавьяат багш, доктор профессор О.Цэвэгдорж, УБИС-ийн ТУЗ-ийн гишүүн, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одгэрэл, УБИС-ийн ТУЗ-ийн гишүүн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хүндэт зочноор уригдан оролцлоо. УБИС-ийн 2014-2018 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, соёл, урлаг, спорт, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд сургууль хамт олноо төлөөлж, манлайлан идэвх зүтгэлтэй оролцож ирсэн эрхэм төгсөгчдийг сургуулийн захиргаа, оюутны холбооноос хамтран “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр шалгаруулж тэмдэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. 2014-2018 оны хичээлийн жилийн “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр:
Химийн ангийн төгсөгч Мөнхбаяр овогтой Оюундарь ,Нягтлан бодох бүртгэлийн ангийн төгсөгч Чулуунпүрэвийн Бямбасүрэн,Бизнесийн менежментийн банкны ангийн төгсөгч Шатарын Хорол-Эрдэнэ, систем автоматжуулалтын ангийн төгсөгч Пүрэвдоржийн Ихмонгол, Электрон систем автоматжуулалтын ангийг төгсөгч Үл-Олдохын Нямдорж нар шилдэг оюутны өргөмжлөл авлаа.
Эрдэм мэдлэг эзэмшиж, амьдралын шинэ замд хөл тавихаар догдолж зогсоо оюутан залуус та нартаа, тэдэнд оюуны үнэтэй баялагаа өвлүүлж өгсөн эрдэмтэн багш нар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж яваа эцэг эхчүүд та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.