2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАM

​НЭГ. Ерөнхий үндэслэл

  • Улаанбаатарын Их Сургууль (цаашид УБИС гэнэ)-ийн бакалаврын хөтөлбөрт 2021 онд оюутан элсүүлэхэд Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 3-р сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 5-р сарын 20-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Босго оноо тогтоох тухай” болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
  • УБИС-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
  • УБИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “Элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “Систем”, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “Элсэлтийн комисс” /цаашид ЭК гэж  товчилно/ гэнэ.
  • УБИС-ийн ЭК Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5-р хороо Г.Лувсанцэвээний гудамж дахь сургуулийн өөрийн байрандаа болон хөдөө орон нутаг дахь итгэмжлэгдсэн бие төлөөлөгч, Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумаар дамжуулан элсэгчдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, элсүүлэх ажлыг зохион байгуулна.
  • УБИС-ийн ЭК-ыг Захирлын тушаалаар томилон ажиллуулна.
  • ЭК нь энэхүү журмыг баримтлан комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах болон өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг элсэлттэй холбоотой  бүхий л үйл ажиллагааг зохицуулна.
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, УБИС-ийн Удирдах зөвлөлийн баталсан оюутны хяналтын тоонд нийцүүлэн өөрийн сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж, хүчин чадал зэргээс хамааран сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан индекс бүхий мэргэжлийн чиглэлээр оюутан элсүүлнэ.
  • Энэхүү журам болон элсэлт авах мэргэжлийн хөтөлбөр, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг УБИС-ийн ubs.num.edu.mn гэсэн вэб хуудсанд байрлуулна.
  • Элсэлтийн үйл ажиллагааг тус сургуулийн хяналтын тоо дууссан тохиолдолд   дуусгавар болгоно.

ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
2.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй ба бүртгүүлэхээс өмнө Боловсролын Үнэлгээний Төв (цаашид БҮТ гэнэ)-ийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт (цаашид ЭЕШ гэнэ)-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэгчийн мэдээллийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол УБИС хариуцахгүй.
2.2  УБИС-д бүртгүүлэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх ба хавсралтанд тусгагдсан хөтөлбөрт  харгалзах суурь хичээлээр 2019, 2020, 2021 онд ЭЕШ өгсөн байна.
Бүртгүүлэгч ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор дахин ЭЕШ өгсөн тохиолдолд аль илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
2.3  Бүртгүүлэгчдийн босго оноо нь Боловсрол, Шинжлэх ухааны яам /цаашид БШУЯ гэнэ/-ны  болон тус сургуулийн Удирдах зөвлөлийн баталсан босго оноонд хүрсэн байна.
2.4  Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн УБИС-д элсэхэд, БШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1.4 дэх заалтыг баримтална.
2.5 Гадаадын иргэн УБИС-д элсэх тохиолдолд Бакалаврын сургалт эрхлэхэд          баримтлах журмын 6.20, 6.21, 6.22 заасан болзлыг хангасан байна.
2.6   Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой гарах хариуцлагыг бүртгүүлэгч хүлээнэ.

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
3.1  Элсэлтийн тухай товч мэдээллийг бүртгэл эхлэхээс 1-ээс доошгүй сарын өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, УБИС-ийн  www.ubs.num.edu.mn  цахим хуудсанд байршуулна.
3.2 Бакалаврын өдрийн хөтөлбөрт цахим хуудсаар   бүртгүүлэхийг хүсэгчдийг 2021 оны 05-р сарын 24-ээс 2021 оны 07-р сарын 07-ны өдрүүдэд www.elselt.usu.mn хаягаар бүртгэнэ.
3.2.1 Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум болон орон нутаг дахь итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан зохион байгуулна.
3.2.2 Цахим хэлбэрээр бүртгүүлэгчдийн хуваарь сонголтыг 2021 оны 07-р сарын 8,9-ний өдрүүдэд өөрийн сургуулийн байранд явуулна.
3.4  УБИС-д  ЭЕШ-ын оноог баримтлан оюутан элсүүлэх бөгөөд  шаардлагатай гэж үзвэл нэмэлт элсэлт авах бүртгэлийг  2021 оны 08-р сарын 16-аас 2021 оны 08-р сарын 31-ний өдрүүдэд явуулна, 2021 оны 08-р сарын  31-ний өдрийн 14 цагаас  нөхөн бүртгэлийн хуваарь сонголтын үйл ажиллагаа явагдана.
3.5 УБИС-д бүртгүүлэгч нь 2-оос доошгүй хичээлээр ЭЕШ өгсөн байх бөгөөд бүртгүүлэгчдийн босго оноог дараах байдлаар тооцож элсүүлнэ.
3.5.1  Монголын их, дээд сургуулиудын консорциумаас баталсан 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын оюутан элсүүлэх журмыг баримтлах,
3.5.2   Хичээл тус бүр нь БШУЯ болон Удирдах зөвлөлөөс тогтоосон босго оноог давсан байх
3.6    Бүртгүүлэгчдийг ЭЕШ-ын тооцох хичээлүүдээс сонгосон 2 хичээлийн нийлбэрийн дунджаар байр эзлүүлэх бөгөөд оноо нь тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхний дүнгийн дундаж оноог харьцуулан жагсаана.
3.7  Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийн онооны дарааллаар хяналтын тоонд багтан тодорхой мэргэжлээр элссэн элсэгчдэд “Их, дээд сургуульд суралцах эрхийн бичиг”  томилолт олгоно.

ДӨРӨВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ
4.1  БШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон, БШУЯ-аас тавигдах ЭЕШ-ын босго оноог хангасан ЕБС төгсөгчийг тухайн чиглэлээр БШУЯ-ны лавлагаа болон холбогдох баримт бичигт үндэслэн шууд элсүүлнэ.
4.2   Сүүлийн 3 жилд олон улсын болон улс бүсийн чанартай мэргэжлийн олимпиадад 1-4 дүгээр байр, шагналт байр эзэлсэн элсэгч УБИС-д элсэхээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн “Элсэх болзлыг хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
4.3  Энэхүү журмын 4.1, 4.2-т заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах болзол        хангасан элсэгч мэргэжил сольж суралцахыг зөвшөөрөхгүй.
4.4  Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч нь энэ журмын 2.2, 3.6.2 заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
4.5 Сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудад дараах     тэтгэлэг  олгоно. Үүнд:
4.5.1. Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон оюутны  хөгжлийн зээлд хамрагдах боломжтой,
4.5.2.  БНСУ-ын Ази, Номхон далайн орнуудын оюутан залуучуудын нэрэмжит             тэтгэлэг,
4.5.3.  Тайвань-Монголын нийгэмлэгийн тэтгэлэг,
4.5.4.  Японы “Сүмитомо” корпорацийн тэтгэлэг,
4.5.5. Улаанбаатарын их сургуулийн  хүндэт доктор, БНСУ-ын Жан Сам Хён   профессорын           нэрэмжит тэтгэлэг,
4.5.6. БНХАУ-ын Хөх Мөрөн Багшийн Дээд Сургуульд 6 сараас 1 жилийн хугацаатай 100% хөнгөлөлттэй суралцах,
4.5.7. Японы Хирошима их сургуульд 6 сараас 1 жилийн хугацаатай сургалтын төлбөрийг 100%-ийн тэтгэлэг, амьжиргааны зардал сар бүр 80,000 иений тэтгэлэг,
4.5.8. Японы Хирошима их сургуульд богино хугацааны сургалтын хөтөлбөрт     хамрагдан сар бүр 20,000 иений тэтгэлэг,
4.5.9.  БНСУ-ын Сүньчоньхян болон Дэгү кибер их сургуулийн тэтгэлэг,
4.6.     УБИС-д элсэн суралцагчдад дараах тэтгэлэг олгоно. Үүнд:
4.6.1.  Захирлын нэрэмжит тэтгэлэг
4.6.2.  Зургаан улирал “А” үнэлгээтэй суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийн             100% тэтгэлэг олгоно.
4.6.3. Энэ журмын 4.1, 4.2 заалтыг хангасан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө.
4.6.4. Сүүлийн 3 жилд урлаг, спортын төрлөөр олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээний амжилтыг харгалзан энэ журмын 3.6-р заалтыг хангасан хөтөлбөрөөр шууд элсүүлэхээс гадна эхний жилийн сургалтын төлбөрт дараах тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Дэлхийн, тивийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 100%
  • Олон улсын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 80%
  • Улсын аваргын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 50%
  • Бүсийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч             30%
  • Хот, аймгийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 10%

4.6.5.  Элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамааруулж эхний хичээлийн жилд дараах сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. Үүнд:

ЭЕШ оноо               Хөнгөлөлт

781-800                                -100%

751-780                                 -80%

700-750                                 -50%

650-699                                 -30%

600-649                                 -20%

4.7. Тухайн хичээлийн жилд нэмэлтээр зарлагдсан УБИС-ийн нэрэмжит тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.

ТАВ.  ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТ
5.1    Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж БШУЯ, Удирдах зөвлөлөөс олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдийг 2021 оны 08-р сарын 16-25-ны хооронд сургуулийн дотоод мэдээллийн системд бүртгэж баталгаажуулна.
5.2   Хичээл 2021 оны 09-р сарын 01-нд эхлэх ба мөн 9-р сарын 15-ны дотор элсэгч тус бүртэй цаашид  “Суралцах гэрээ” байгуулж тус сургуульд мөрдөх дүрэм журмыг танилцуулна.
5.3    Элсэгчдийн бичиг баримт нь зөрчилгүй байх шаардлагатай.
5.4 Элсэгчид бүртгэлээ баталгаажуулахдаа  дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон оюутны хөгжлийн зээлд хамрагдах бол холбогдох бичиг баримтыг авч ирэх зэрэг болно.
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

5.5 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүртгэлээ баталгаажуулаагүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэн сул гарсан орон тоонд нөхөж элсэлт авна. 

ЗУРГАА. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН
ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
6.1  Шалгалтын явцад энэ журмыг зөрчсөн асуудал гарвал элсэгч нь өөрийн санал гомдлыг ЭК-т бичгээр тавина.
6.2  ЭК нь тухайн элсэгчийн санал гомдлыг хүлээн авч тухайн мэргэжлийн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган маргааныг магадлан шийдвэрлэнэ.
6.3    ЭЕШ-тай холбоотой маргааныг сургуулийн ЭК хариуцахгүй болно.
6.4    Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаасан тохиолдолд 50,000 төгрөгийг сургуулийн дансанд тушааж боловсролын бичиг баримтаа авч болно.

ДОЛОО. БУСАД

  • Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг сургуулийн байранд биечлэн болон элсэлтийн бүртгэлийн elselt.ubs.num.edu.mn хаягтай систем, сургуулийн вэб сайт, пэйж хуудас, утас, цахим шуудан ашиглан явуулна. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг www.ubs.num.edu.mn  сайтын элсэгч булангаас авах боломжтой.
  • Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “УБИС-ийн дотоод журам”, “УБИС-ийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • Нэг баталгаажуулсан хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба бусдад шилжүүлэхийг хориглоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.
УБИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комиссын хаяг:
Баянзүрх Дүүрэг 5-р хороо, Г.Лувсанцэвээний гудамж, Улаанбаатар Ш/х-0 Утас:11-456360 11-458336, Факс: 976-11-458327 Мэдээ, зар хүлээн авах:: info@ubs.num.edu.mn