Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, доктор Я.Эрдэнэсайхан МУИС-ийн ШУТУБП-ийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.



ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ШУТУБП-ийн захирал О.Мөнхбат нар монгол улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд их сургуулийн оролцоо чухлыг онцолж, бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээнд мэдлэг, технологи шингээж хөгжүүлэх шаардлагатай байгаа гэдэг дээр санал нэгдэж хоёр байгууллагын хамтын ойлголцлын санамж бичиг байгуулахаар тогтов.

Уулзалтын хүрээнд МУИС-ийн эзэмшиж буй патент, ашигтай загваруудыг зах зээлийн эргэлтэнд оруулах, судалгааны лабораториуд дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи зүгшрүүлэлт хийх, прототайп хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын оффис нээх, энтрепренершип, bootcamp болон бусад шаардлагатай, холбогдох сургалтуудыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд хийх, ЖДҮҮ-ий зээлийн шалгуурт технологи инновацын үзүүлэлт нэмэх зэрэг ажлуудыг төлөвлөв.



Түүнчлэн ЖДҮГ болон МУИС-ийн ШУТУБП-ийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага их байгааг талууд харилцан илэрхийлж, ирэх 7-р сард нэг талаас шинжлэх ухааны судалгааг зах зээлийн эрэлт хэрэгцээнд чиглүүлэх, нөгөө талаас үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэдлэг, технологи шингээх зорилготой багш судлаачид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар хэлэлцэн тогтлоо.



МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй туслаж, ЖДҮ-ийн газартай холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санаачлагатай ажиллаж байгаа МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал доктор, профессор С.Мөнхбатад талархал илэрхийлье.


